ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ИРГЭНИЙ АЖИЛЛАЖ БАЙСАН БАЙДЛЫГ ТОГТООХОД ШҮҮХ ӨӨРИЙН САНААЧИЛГААРАА НОТЛОХ БАРИМТЫГ БҮРДҮҮЛДЭГ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 140/ШШ2021/00095

Тоймын төрөл, огноо дугаар: Шийдвэрийн тойм, 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр, дугаар 03
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч Бат нь Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдэлд 1984 оны 6 сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 сарын 19-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, холбогдох баримтуудаа хавсаргаж ирүүлсэн байна.
Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход талуудын мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй бөгөөд энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх боломжтой тул шүүх өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн.
Шүүхээс нэхэмжлэгч Батын ажилласан жил тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахдаа Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгсөн баримтуудын хуулбарыг гаргуулахад тэрээр 1986 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан сумын сургуулийн 8 дугаар ангийг суралцаж төгссөн бүрэн бус дунд боловсролын №874726 дугаартай гэрчилгээгээ гаргаж өгч байжээ.
Гэтэл нэхэмжлэгч Бат нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргахдаа энэхүү гэрчилгээгээ нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна.
Нэхэмжлэгч Бат нь “… би 1986 онд 8 дугаар ангийг оройгоор суралцаж төгссөн, оройгоор сурч байхдаа нэгдэлд мал малладаг байсан …” гэж тайлбарлаж байгаа боловч сургуульд сурч байсан хугацааг нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж үзэх боломжгүй юм.
Нэхэмжлэгч Бат нь 1984 онд 6 дугаар ангид, 1985 онд 7 дугаар ангид, 1986 онд 8 дугаар ангид тус тус суралцаж байсан хугацаагаа Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан, сургуульд сурч байсан хугацаа, баримтаа нуун дарагдуулсан, шүүхэд үнэн зөв тайлбар өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Батыг Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн.
Харин нэхэмжлэгч Батын Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь бусад нотлох баримтаар нотлогдож байсан тул энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн байна.

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга