ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ХУДАЛДАН АВСАН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ ТӨЛБӨРИЙГ ХҮЛЭЭН АВАХ ЭРХГҮЙ ХҮНИЙ ДАНСАНД ШИЛЖҮҮЛБЭЛ ЭРСДЭЛИЙГ ӨӨРӨӨ ХАРИУЦДАГ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 140/ШШ2023/00166

Тоймын төрөл, огноо дугаар: Шийдвэрийн тойм, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, дугаар 05
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “Е” ХХК-тай “Зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан, “Н” ХХК нь бараа, бүтээгдэхүүнийг тогтмол нийлүүлэхээр, “Е” ХХК нь хүлээн авсан бараа, бүтээгдэхүүний төлбөрийг сар бүрийн сүүлээр төлж байхаар харилцан тохиролцсон.

“Н” ХХК нь гэрээнд зааснаар “Е” ХХК-нд бараа бүтээгдэхүүнийг тогтмол нийлүүлж байсан, харин “Е” ХХК нь бараа, бүтээгдэхүүний төлбөрийг сар бүр төлж байсан боловч сүүлийн сарын төлбөрөө төлөөгүй тул “Н” ХХК нь нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний төлбөр 44.531.199 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

“Е” ХХК нь хүлээн авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг “Н” ХХК-ийн дансанд шилжүүлэх эсвэл тухайн байгууллагын дугаарласан бэлэн мөнгөний баримтаар хүлээлгэн өгөх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байсан.

Гэтэл “Е” ХХК нь “Н” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Батад бэлэн мөнгөөр болон түүний харилцах дансаар нь 44.531.199 төгрөг шилжүүлсэн бөгөөд Бат нь хүлээн авсан 44.531.199 төгрөгийг компанидаа тушаагаагүй байна.

Иргэний хуульд “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж заасан байна.

“Е” ХХК нь гэрээнд заасан ёсоор төлбөрийг төлөөгүй, харин “Н” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Батад бэлэн мөнгөөр болон түүний харилцах дансаар нь шилжүүлснийг гэрээнд заасны дагуу бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч “Е” ХХК-иас 44.531.199 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Наран ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүрэн эхээр нь доорх холбоосоор харна уу:
https://shuukh.mn/single_case/126795?daterange=2023-01-01%20-%202023-10-11&id=1&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга