ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛАХГҮЙГЭЭР ТЭНССЭН ХУГАЦААНД ДАХИН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДВЭЛ ТЭНССЭН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОН ЯЛ ОНОГДУУЛНА

Шийтгэх тогтоолын огноо дугаар: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/06

Шүүхийн шийдвэрийн төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүгдэгч М. урьд нь Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20.. оны … дүгээр сарын …-ны өдрийн 2023/ШЦТ/… дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил  2 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага хүлээсэн байна.

Уг хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж тус тус хуульчилсан.

Шүүх шүүгдэгч М-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Тус шүүхийн 20… оны … дүгээр сарын …-ны өдрийн … дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь хэсэгт заасан шүүгдэгч М-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар З.. аймгийн А… сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Шүүгдэгч М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр үзэх цахим холбоос:  https://shuukh.mn/single_case/98776?daterange=2024-01-01%20-%202024-02-13&id=1&court_cat=2&bb=1

 

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн

анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбал

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга