ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ХУУЛЬ БУС ШИЙДВЭР ГАРГАСАН БУРУУТАЙ АЛБАН ТУШААЛТНААС ХОХИРЛЫГ ГАРГУУЛДАГ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 140/ШШ2023/00242 дугаартай шийдвэр

            Тоймын төрөл, огноо дугаар: Шийдвэрийн тойм, 2024 оны 3 дугаар сарын      11-ний өдөр

            Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

            Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Хариуцагч Д нь … Засаг даргаар ажиллаж байхдаа 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр С-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд шүүхээс Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, С-ийг албан тушаалд эгүүлэн тогтоож, Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин 23.530.000 төгрөгийг гаргуулан С-д олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Д-д холбогдуулан түүний хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 23.530.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Д нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа, гэтэл энэ хууль батлагдахаас өмнө С-ийг ажлаас нь чөлөөлсөн учир энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж хуульчилжээ.

Харин Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “Төрийн албаны зөвлөл нь … албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах …” бүрэн эрхтэй гэж хуульчилсан байжээ.

Өөрөөр хэлбэл 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчлэхээр Төрийн албаны тухай хуульд оруулсан дээрх зохицуулалтаас өмнө Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн зохицуулалтаар Төрийн албаны зөвлөл нь албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй гэж заасан байжээ.

Хариуцагч Д нь … Засаг даргаар ажиллаж байхдаа С-ийг ажлаас чөлөөлөх тухайн захирамжийг хэзээ гаргасан эсэхээс үл хамааран тэрээр төрд учирсан хохирлыг нөхөн төлөх хуулиар хүлээсэн үүрэгтэй.

Иймд хариуцагч Д-оос түүний хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 23.530.000 төгрөгийг гаргуулж Төрийн албаны зөвлөл, төрийн сангийн дансанд оруулахаар шийдвэрлэлээ.

Шийдвэрийг бүрэн эхээр нь доорх холбоосоор харна уу: https://shuukh.mn/single_case/127260?daterange=2023-05-01%20-%202023-05-20&id=1&court_cat=1&bb=1

 

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга