ГЭРЛЭЛТ ЦУЦЛУУЛАХ НЭХЭМЖЛЭЛИЙГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИД ХАНДСАНЫ ДАРАА ШҮҮХЭД ГАРГАДАГ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 140/ШЗ2023/01420 дугаартай захирамж

            Тоймын төрөл, огноо дугаар: Процессын тойм, 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр

            Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

            Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “…   Би Б-тэй 2011 оноос эхлэн үерхэж байгаад 2012 онд гэрлэлтээ батлуулсан, бидний дундаас охин П төрсөн, бид цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, охин П-г миний асрамжид үлдээж өгнө үү … гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т “Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно” гэж заажээ.

Нэхэмжлэгч С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй эсхүл учирсан гэх баримтыг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлээгүй бөгөөд дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ эхлээд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрүүлэх ажиллагаа явуулсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах байжээ.

Иймд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд заасан журмыг зөрчсөн байх тул нэхэмжлэгч С-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Нэхэмжлэгч С нь маргаанаа шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж шийдвэрлүүлсний дараа дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга