Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 140/ШЗ2023/00383 дугаартай захирамж
Тоймын төрөл, огноо дугаар: Процессын тойм, 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “… би Л-тэй 2012 онд танилцаж хамт амьдарч байгаад 2018 онд гэрлэлтээ батлуулсан, хоёр хүүхэдтэй. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болж цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү …” гэжээ.
Нэхэмжлэгч Г, хариуцагч Л нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч нэхэмжлэгч Г нь товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Шүүх хуралдаанд оролцвол зохих этгээдэд шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хүрэлцэн ирээгүй шалтгаан нь тодорхой бус байвал түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна гэж үздэг.
Хариуцагч Л нь нэхэмжлэгч Г шүүх хуралдаанд ирээгүй байгаа тул нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэх хүсэлт гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т “харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана” гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч Г-ийн гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг буцаасан байна.
Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ