ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болж, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2024.05.22) боллоо. Хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар даргалан явуулсан юм.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болж, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг дараа нь хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар тавив. Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа-2050” бодлогын эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийг оновчтой болгож, засаглалын тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд шүүхийн хараат бус байдал хангагдаж, хариуцлагатай, иргэн төвтэй шүүх тогтолцоог төлөвшүүлэх, шүүх үйл ажиллагаанд цахим технологи нэвтрүүлж, шуурхай, чирэгдэлгүй болгох, ёс зүй цогц чадамжтай шүүхийн хүний нөөц бэлтгэх суурь тогтолцоог бий болгож төгөлдөржүүлэх, мөн шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах хөтөлбөр батлан хэрэгжүүлж, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг дээшлүүлэх зэрэг зорилтыг тодорхойлсон талаар танилцуулж, Улсын Их Хурлаас Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиудыг баталснаар эрх зүйн орчинд ахиц гарсныг онцолсон юм. Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг дээшлүүлэх, цахимжилтыг нэвтрүүлэхэд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага үүссэн тул хуулийн төслүүдийг боловсруулснаа тэрбээр дурдаад, Монгол Улсын шүүхийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд шүүхийн нээлттэй, ил тод байх арга зам буюу хэлбэрийг нарийвчлан зааж, хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан гомдол, нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийг сонирхогч этгээд биечлэн болон цахимаар танилцах боломж бүрдүүлэхээр, шүүх хуралдааныг нээлттэй явуулах, цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нэг бол олон нийтийн цахим сүлжээгээр хуулийн хүрээнд шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу, дүрсний бичлэгээр хүргэх харилцааг тухайлан тусгасан хэмээн танилцуулсан юм. Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулах хуулийн төслүүдэд тусгаж, бэлтгэл хангах үүднээс захиргааны хэргийг шүүхэд цахимаар хянан шийдвэрлэх ажиллагааг 2025 оны зургадугаар сарын 22-ноос, эрүү, иргэний хэргийн хувьд 2025 оны 12 дугаар сарын 22-ноос тус тус эхлэхээр заажээ. Цахимаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүн таслах бүх үйл явц, үе шат хамаарах бөгөөд онцлог шаардлага бүхий платформ, баталгаатай цахим шуудан ашиглахаар тусгасан байна. Мөн шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи болгох, шүүгч өөр ажилд тодорхой хугацаагаар томилогдон ажиллах тохиолдолд орон тоог нөхөн бүрдүүлж ачааллыг тэнцвэржүүлэх, шүүгчийн зэрэг дэвийн асуудлыг Улсын Их хурал нарийвчлан тогтоох зэрэг онцлог зохицуулалтуудыг оруулсан байна. Түүнчлэн, бүх шатны шүүхэд шүүгчийн туслахын хомсдол бий болсныг арилгах зорилгоор уг ажлыг эрхлэх хүн заавал хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байх гэсэн шаардлагыг хасахаар хуулийн төсөлд тусгажээ.

Түүний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Учрал, Д.Цогтбаатар нарын гишүүдийн санаачлан, өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг гол үзэл баримтлалынх нь талаар,  Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир шүүхийн ил тод, нээлттэй байх зарчмыг хэрэгжүүлэхэд тулгараад байгаа асуудлын талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг, тэмдэглэлийг эвлүүлэн өөрчлөлт хийх засвар оруулахаас урьдчилан сэргийлэх зохицуулалт, шүүхийн цахим хуудсанд байршуулах мэдээллийн хугацааны талаар асуулт асууж, хариулт авсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар нэмэлт чиг үүргийг хэрэгжүүлэх хүний нөөцийн болон бусад материаллаг зардалд жилд ойролцоогоор 1 852.2 сая төгрөг зарцуулах шаардлагатайг болон Байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төслүүдийн хэрэгцээ шаардлага, ач холбогдол, нарийвчилсан зохицуулалтуудын талаар үг хэлж, байр сууриа илэрхийлснийг тэрбээр танилцуулаад, хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат шүүхийн ил тод байдлыг далимдуулан шүүгдэгчийг олон нийтийн сүлжээгээр яллах, шүүгчид нөлөөлөх нөхцөл байдал үүсэх, эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр төслүүдийг олон нийтээр хэлэлцүүлж санал авсан эсэх, Улсын Дээд шүүх, Засгийн газар ямар санал өгсөн, цахимаар хэрэг хянан шийдвэрлэх талаарх шүүхийн практикын судалгаа хийсэн эсэх, цахим шүүхийн платформыг блокчэйн технологид суурилах эсэх болон шүүгчдийн боловсролыг хэрхэн дээшлүүлэх талаар асуулт асууж хариулт авав. Улсын Их Хурлын гишүүдын асуултад хууль санаачлагч Д.Цогтбаатар хариулт өгч, шүүхийн үйл ажиллагаа хаалттай, нууц байх тусам сөрөг үр дагавартайг онцлон, АНУ-д шүүхийн бие даасан телевизийн суваг ажиллаж байгааг жишээлж, Улсын Дээд шүүх болон холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийг оролцуулсан хэлэлцүүлгээр ил тод, нээлттэй байдлыг хангахгүйгээс гарч буй үр дагаварыг илүүтэй онцолсон болон өнөөдрийн хаалттай нөхцөл байдал цааш үргэлжил болохгүйг ихээхэн чухалилж ярилцсан гэсэн юм.  Мөн хууль санаачлагчдын нэг, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, өнгөрсөн хугацаанд бид төрийн мэдээлэл солилцооны Хур системээр шүүхийн 18 төрлийн лавлагаа, мэдээлэл солилцдог болсон хэмээн танилцуулж, амьдрал дээр шүүх хурлыг нээлттэй явуулах боломж бүрдсэн тул эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх шаардлагатай болсон гээд, технологийн хувьд шүүх өөрөө бие даасан, хараат бус байх зарчим хэрэгжүүлэх үүднээс блокчэйн буюу кодлогдсон хараат бус технологийг ашиглана гэлээ.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр үг хэлж, дэмжиж байгаагаа илэрхийлээд, хэлэлцүүлгийн шатанд анхаарах, сайжруулах шаардлагатай өсвөр насны хохирогчтой хэргийг шийдвэрлэх, шүүгчдийн оны болон зэрэг зиндааны ялгаа гаргахгүй байх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн үйл ажиллагааг шүүгчийн лизнез, зөвшөөрөлтэй хамаатуулахгүй байх зэрэг цөөнгүй асуудал байгааг анхааруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан үг хэлж, шүүхийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгосноор “хонгилын шүүгч” гэсэн зүй бус зүйл гарахгүй, шударга байдал төлөвшинө гэдгийг онцолж, хуулийн төслүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, өмгөөлөгчдийн ажиллах боломж, нөхцөлийг сайжруулах, шүүх хуралдааны бичлэг цахим хуудсанд хадгалагдах хугацааг нарийвчлан тогтоох, урт хугацаагаар үргэлжилсэн шүүх хуралдааны аль хэсгийг ил байлгах зэрэг асуудалд анхаарахыг зөвлөв.

Энэхүү Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх талаар санал хураалт явуулахын өмнө Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан юм. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу боловсруулсан нэг саналын томьёоллыг Байнгын хорооны хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийх үед санал хурааж шийдвэрлэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-д заасныг баримтлан зургаан санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжжээ.

Өөрийн хийсэн танилцуулгатай холбогдуулан тэрбээр Ажлын хэсгээс нэг шүүгчид оногдох ажлын ачаалал ямар байгаа, уг ачаалал шүүгчийн гаргаж байгаа шийдвэрт нөлөөлж буй эсэх, тэдний хараат бусаар ажиллах нөхцөл, цалин хангамжийн талаар асууж, хариулт авсан юм. Түүний асуултанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг хариулсан юм. Тэрбээр, бидний судалгаагаар, эрүүгийн хэргийн шүүгчид жилдээ 105, иргэний хэрэг дээр 209, захиргааны шүүхийн хувьд нэг шүүгчид 50 орчим хэрэг оногдож байвал зохист ачаалал гэж үзнэ. Гэтэл одоо энэ ачаалал 200 дахин давчихсан байна гэлээ. Тус зөвлөлийн 2016 оны 42 дугаар тогтоолоор Монгол Улсад нийт 699 шүүгч ажиллахаар тогтоосон бөгөөд хэлэлцэж буй хуулийн төслүүдийг энэ ачааллаар тооцон төлөвлөжээ.

Чуулганы нэгдсэн хуралдааныг даргалан явуулсан, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийг тойргийн зарчмаар байгуулах эрх зүйн үндэс бол бүрдсэн талаар дурдаж, энэхүү Шүүх байгуулах тухай хууль батлагдсанаар анхан шатын шүүхийг тойргийн зарчмаар байгуулж, маргааны төрлөөр дагнасан хоёр шинэ шүүх буюу гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх, хялбар ажиллагааны шүүх ажиллах нөхцөл бүрдэнэ гэлээ. Ингэснээр шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэх зохион байгуулалтад өөрчлөлт орж, шүүгчийн ажлын ачаалал тэнцвэржин, тэр хэрээр иргэдэд хүртээмжтэй, шуурхай, чанартай болох ёстой гээд, анхан шатын шүүхүүдийг тойргийн зарчмаар байгуулахдаа алслагдсан дүүргийн шүүхийн одоогийн зохион байгуулалтыг хэвээр үлдээсэн болон аймаг дахь эрүү, иргэний хэргийн анхан шатын шүүхийг нэгтгэж байгаа, харин Орхон, Дархан-Уул аймгийнх тусдаа ажиллахыг танилцуулсан юм. Мөн тэрбээр, Захиргааны хэргийн дагнасан шүүхийн тогтолцоог нэвтрүүлснээс хойш 20 жилийн дараа энэ тогтолцооны хөгжлийн дараагийн үе шат руу шилжиж байна хэмээгээд, хуулийн төсөлд Хялбар ажиллагааны дагнасан шүүх 2025 оноос, Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх 2026 оноос ажиллаж эхлэхээс тусгасныг онцлов.

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан, Хууль зүйн байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй долоон саналаар нэг бүрчлэн санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг дэмжсэнээр төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Мөн үүний өмнө хэлэлцсэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх талаар санал хураав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 56.1 хувь нь төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнд тооцон анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга