ЗАСАГ ДАРГАД НЭР ДЭВШИГЧДИЙН ХЭНИЙГ Ч ДЭМЖЭЭГҮЙ САНАЛЫН ХУУДСЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХГҮЙ

Шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 118/ШШ2025/0005

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Тоймын дугаар, огноо: №01, 2025 оны 02 дугаар сарын 25

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч Б нь сумын Засаг даргад нэр дэвшин өрсөлдөж, дахин санал хураалтын дүнгээр олонхийн санал авсан хэмээн маргасан.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 25 төлөөлөгч буюу 100 хувийн ирцтэйгээр эхэлсэн бөгөөд сумын Засаг даргад нэр дэвшүүлэн томилуулах асуудлыг хэлэлцэн санал хураахад гурван нэр дэвшигчийн хэн нь ч нийт төлөөлөгчдийн олонхын санал аваагүй тул хуралдааны дэгд заасны дагуу дахин санал хураалт явуулах үндэслэл бүрджээ.

Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн талаар дахин санал хураалт явуулахад  санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн 10 нь нэхэмжлэгч Б-г, 1 нь Э-г дэмжиж, 13 төлөөлөгч нэр дэвшигчдийн хэнийг нь ч дэмжээгүй /саналын хуудсанд тэмдэглэгээ хийгээгүй/ байна.

Нэхэмжлэгч тал “Санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчинтэй”, “Санал огт тэмдэглээгүй саналын хуудсыг хүчингүй” гэж үзэж, нэхэмжлэгч Б-ийн авсан саналын хувийг зөвхөн хүчинтэй гэж үзсэн 11 саналын хуудасны тоотой харьцуулан олонхын санал авсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Нэр дэвшигч нарын хэнийг нь ч дэмжээгүй 13 саналын хуудсыг хүчингүйд тооцохгүй, харин  ч санал хураалтад оролцсон нийт төлөөлөгчдийн саналд оруулан тоолж нэр дэвшигч тус бүрийн авсан саналын хувийг тогтоох тул 10 санал авсан нэхэмжлэгч Б-г нийт төлөөлөгчийн олонхийн санал /12-оос дээш/-аар дэмжигдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуульд заасны дагуу хуралдааныхаа дэгийг өөрөө тогтоох ба энэ маргааны тухайд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлж, томилуулах асуудлыг хуралдааны дэг болон хуульд заасны дагуу шийдвэрлэсэн байх тул тус сумын Засаг даргад нэр дэвшин өрсөлдсөн нэхэмжлэгч Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүх үзсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/18119?daterange=2025-01-01%20-%202025-03-07&id=1&court_cat=3&bb=1

Тойм бичсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn