ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ЗАХИРГААНЫ ШИЙДВЭРИЙГ МЭДСЭНЭЭС ХОЙШ 30 ХОНОГИЙН ДОТОР НЭХЭМЖЛЭЛ ГАРГАНА

Шүүгчийн захирамж: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 171 дүгээр захирамж

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тоймын дугаар: 2023 оны 03 дугаар сарын 14, Дугаар-5

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

О компани нь аймгийн Засаг даргын 2020 оны А/329 дүгээр захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2020 оны 01 дүгээр дүгнэлтийг болон аймгийн Засаг даргаас “Б” ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан рашаан сувиллын үйл ажиллагаа, эд хөрөнгийг эзэмшүүлэх тухай менежментийн гэрээг тус тус хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

О компани шүүхэд хандахаас өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу рашаан сувиллын үйл ажиллагаа, эд хөрөнгийг менежментийн гэрээгээр эзэмшүүлэх уралдаант буюу төсөл сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны талаарх гомдлоо Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гаргаж, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/1830 албан бичгээр хариу авчээ.

Уг хариу авсан өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацааг тоолохоор байх ба ийнхүү тоолоход О компани нь 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар байжээ.

Гэтэл дээрх албан бичгийг хүлээж авснаас хойш 1 жил 2 сар орчмын дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах” гэснийг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, дээрх гомдол шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагаас “зөрчигдсөн эрхийг нь сэргээн тогтоож, гомдлыг нь бүрэн хангах боломжгүй” тухай хариуг хүлээж авснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээгдэж, нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацаа тоологдохоор байна.

Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд нэхэмжлэгч нь гомдлоо төрийн бусад байгууллага, албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй хэдий ч энэ маргааны тухайд Авлигатай тэмцэх газар, Прокурорын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гомдлоо гарган зайлшгүй урьдчилан шийдвэрлүүлэхийг хуулиар шаардаагүй байх тул дээрх байгууллагуудад хандсан нөхцөл байдлыг шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

Эдгээр үндэслэлээр О компанийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга