ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

АЛДУУЛ МАЛЫГ БУСДЫН ӨМЧЛӨЛ, ЭЗЭМШИЛД БАЙГААГ МЭДСЭЭР БАЙЖ ЗАВШИХ НЬ ГЭМТ ХЭРЭГ БОЛНО

Шийтгэх тогтоолын огноо дугаар: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/21

Шүүхийн шийдвэрийн төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн А нь Ч-гийн өмчлөлийн зөв талын гуяндаа ширээтэй дормон тамгатай 4 настай халтар зүсмийн үрээ, зөв талын гуяндаа ширээтэй дормон тамгатай 5 настай хүрэн зүсмийн үрээ буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн үнэ бүхий 2 тооны адууг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос А-г Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр сүрэгт нийлсэн эсхүл өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгоно.

Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн засаг захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч А нь иргэн Ч-гийн өмчлөлийн зөв талын гуяндаа ширээтэй дормон тамгатай 4 настай халтар зүсмийн үрээ, зөв талын гуяндаа ширээтэй дормон тамгатай 5 настай хүрэн зүсмийн үрээг Иргэний хуульд заасны дагуу тухайн орон нутгийн засаг захиргаа буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй өөрийн өмчийн адил захиран зарцуулж завшсан нь дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Энэ ньЭрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж, хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж үзнэ.

Иймд шүүгдэгч А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Бага хэмжээний хохирол гэдэг нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг /300,000 төгрөг/, түүнээс доош хэмжээг ойлгоно.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар, тухайлбал, хохирогч Ч, гэрч Б, Д, Б, А, Ч, шүүгдэгч А нарын мэдүүлгээр Б-ийн Ч-Гийн өмчлөлийн зөв талын гуяндаа ширээтэй дормон тамгатай 4 настай халтар зүсмийн үрээ, зөв талын гуяндаа ширээтэй дормон тамгатай 5 настай хүрэн зүсмийн үрээ буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн үнэ бүхий 2 тооны адууг завшсан үйл баримт тогтоогдсон байна.

А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /Таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр үзэх цахим холбоос:https://shuukh.mn/single_case/84183?daterange=2022-12-01%20-%202023-02-03&id=1&court_cat=2&bb=1

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн

анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбал

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга