ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХАД ХУУЛЬД ТУСГАЙЛАН ЗААСАН ХУГАЦААГ БАРИМТАЛНА

Шүүгчийн захирамж: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 118/ШЗ2022/0022 дугаар захирамж

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Процессын тоймын огноо, дугаар: 2023 оны 04 дүгээр сарын 05, Дугаар-8

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Аймгийн Сонгуулийн хорооны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Д сумаас төлөөлөгчөөр сонгогдсон Ш-ийг “сонгуулийн үеэр сонгогчдын саналыг татах зорилгоор үнэ төлбөргүй тээврийн үйлчилгээ үзүүлж, хотоос хүмүүс авчирч санал өгүүлсэн болох нь цагдаагийн байгууллагын шийдвэр, зөрчлийн хэргээр тогтоогдсон” гэж, төлөөлөгчөөр сонгогдсоныг хүчингүй болгож, хурлын төлөөлөгчөөр ажиллах эрхгүй гэж үзжээ.

Ш нь энэ шийдвэрийг эс зөвшөөрч, уг тогтоолыг хүчингүй болгуулахаар 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Учир нь дээрх 01 дүгээр тогтоолыг Ш-д 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр утсаар мэдэгдэж, аймгийн Сонгуулийн хорооны 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр аймгийн Монгол Ардын намын хороонд, 05 дугаартай албан бичгээр аймгийн Ардчилсан намын хороонд тус тус хүргүүлсэн, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Сонгуулийн хорооны цахим хаягнаас аймгийн Монгол Ардын Намын хорооны нарийн бичгийн даргын цахим хаяг руу, мөн тус намын бичиг хэргийн ажилтны цахим хаяг руу тус тус хүргүүлсэн байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81-р зүйлийн 81.4 дэх хэсэгт “Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй” гэж заасан. Ш нь 12 сарын 31-ний өдөр мэдсэн атлаа 2022 оны 01 сарын 12-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах тусгай хугацаа буюу 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна.

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга