ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА
Түүхэн замнал: Ардын эрхт төрийн ёсонд нийцсэн шүүхийг жинхэнэ ёсоор нь байгуулах, шүүх таслах шинэ цааз хуулийг тогтооход 1925 оны эцсээр хуралдсан Улсын хоёрдугаар Их хурал түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ хурлаас гаргасан тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн 1926 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаар, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаас “Аливаа шүүн таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийг баталж 5 аймаг, 3 хот, 71 хошуунд анхан шатны шүүхийг байгуулах тухай шийдвэр анх гарч байжээ.
Дээрх “Аливаа шүүн таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийн үндсэн дээр 1926 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тэр үеийн Хантайшир уулын /одоогийн Завхан/ аймагт ардын шүүх байгуулагджээ. Ардын шүүх нь анх гэр контортой морин өртөөгөөр явж шүүн таслах ажиллагааг гүйцэтгэдэг байсан ба хуулийн боловсролтой нэг ч ажилтангүй цөөхөн орон тоотой үйл ажиллагаагаа эхлүүлж байсан нь Завхан аймагт ардын шүүн таслах газрын эхлэл суурь нь тавигдаж байсан байна.
1940 онд батлагдсан БНМАУ-ын Үндсэн хуульд зааснаар шүүн таслах хэргийг Улсын дээд шүүх таслах газар, Улаанбаатар хотын шүүн таслах газар, орон нутгуудад ардын шүүх таслах газар гүйцэтгэхээр зааж МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1953 оны 567146 дугаар тогтоолоор ангийн шүүхүүдийг ардын хэсгийн шүүх болгон өөрчилж, шүүхийн дарга нарыг хөдөлмөрчдийн саналаар сонгох журмыг тогтоож, анхдугаар сонгуулийг 1956 оны 6-р сард явуулснаар ардын шүүхийн шинэ тогтолцоо энэ үед эхэлж байжээ.
1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 48 дугаар зүйлд зааснаар шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх болж эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болохоор заажээ.
Ийнхүү шүүхийн өдөр тутмын хэвийн ажиллагааг алдагдуулахгүй хангах үүрэг бүхий Тамгын хэлтэс байгуулагдаж Ерөнхий шүүгчийн өмнө нь эрхлэн гүйцэтгэж байсан шүүхийн захиргааны удирдлага зохион байгуулалт, санхүү, аж ахуйн ажлыг бүхэлд нь Тамгын хэлтэст шилжүүлэн, ерөнхий шүүгчийг зөвхөн шүүн таслах ажиллагааг дагнан эрхлэх бололцоо олгож, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах бодит бололцоо нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Завхан аймгийн Шүүхийн тамгын газрын үе үеийн удирдлагууд:
Шүүхийн даргаар 1930 – 1935 онд Н.Гүндсамбуу, 1935 – 1937 онд Ц.Даваажав, 1943 – 1947 онд А.Батсуурь, 1947 – 1954 онд Г.Цэдэндамба, 1954 – 1956 онд Б.Сүхбат, 1956 – 1959 онд Г.Пүрэвжав, 1959 – 1965 онд Н.Лувсанцэдэн, 1965 – 1967 онд Б.Гомбосүрэн, 1967 – 1972 онд Г.Буузгар, 1972 – 1979 онд П.Машбат, 1979 – 1984 онд Ц.Халзай нар,
Тамгын хэлтсийн даргаар 1993 – 1994 онд Ч.Базарсад, 1994 – 2015 онд Д.Энхжаргал,
Тамгын газрын даргаар 2016 – 2018 онд Д.Түвшинжаргал, 2018 – 2020 онд Б.Амартүвшин нар ажиллаж байв. 2020 оноос тус шүүхийн Тамгын газрын даргаар Х.Дорждэрэм ажиллаж байна.
Танилцуулга: Тус шүүхийн тамгын газар нь шүүхийн захиргааны удирдлага, зохион байгуулалт, төсөв санхүү, аж ахуй болон хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах зорилгын хүрээнд Шүүхийн Тамгын газрын дарга 1, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга 1, шүүгчийн туслах 8, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 5, мэдээлэл технологийн мэргэжилтэн 1, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн 1, эвлэрүүлэн зуучлагч 1, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан 1, архив бичиг хэргийн эрхлэгч 1, нягтлан бодогч 1, нярав 1, бичиг хүргэгч 1, жолооч 2, үйлчлэгч 2 гэсэн нийт 27 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Бүтэц, зохион байгуулалтын схем зураг:
Шүүхийн тамгын газрын хамт олон /2023 он/