Шийтгэх тогтоолын огноо дугаар: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/18
Шүүхийн шийдвэрийн төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.
Иргэн Я.Д нь иргэн Б.Ч хөлсөөр ажиллах гэрээ байгуулж Б.Ч-гийн 263 тооны бог малыг маллаж байхдаа Б.Ч-гийн малаас 15 тооны малыг бусдад өгөх өглөгтэй тооцож өгсөн хэрэгт холбогдсон.
Прокуророос Я.Д-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд бусдын малыг хөлсөөр маллаж байгаа этгээд нь тухайн хөрөнгийн тухайд итгэмжлэн хариуцсан этгээд байна.
Бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулах, бусдад шилжүүлэхгүй байх үүрэгтэй. Хэрэв өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг захиран зарцуулсан, бусдад шилжүүлсний улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 300000 төгрөгөөс дээш хохирол учирсан бол Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Я.Д нь Б.Ч-гийн малыг маллаж байхдаа түүний зөвшөөрөлгүйгээр 15 тооны бог малыг бусдад өгсөн үйлдлийн улмаас хохирогчид 1.660.000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжтэй байх тул Я.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр үзэх цахим холбоос:
https://shuukh.mn/single_case/85064?daterange=2023-01-01%20-%202023-03-15&id=1&court_cat=2&bb=1
Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг