ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ЯЛТАН ШҮҮХЭЭС ХҮЛЭЭЛГЭСЭН ҮҮРГИЙГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ БОЛ ХОРИХ ЯЛААР СОЛИНО

Шүүхийн шийдвэрийн огноо дугаар:Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ХМШЗ/7/

Шүүхийн шийдвэрийн төрөл: Шүүхийн процессын  тойм

 Шүүхийн шийдвэрийн төлөв:Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.

 Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Ялтан О.Ө нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, түүнд 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 2 жил 5 сарын хугацаанд Завхан аймгийн  Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэжээ.

Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ялтан О.Ө-д 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлсэн байна. Ялтан О.Ө-д зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн зөрчил бүрд нь зөрчлийн тэмдэглэл үйлдэж дахин зөрчил гаргахгүй байх, гаргасан тохиолдолд өөрт нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих журмын талаар биечлэн уулзаж ярилцлага хийж тэмдэглэл үйлдэж, тодорхой тайлбарлан өгсөн байна.

Ялтан О.Ө-нь зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаандаа  ял эдлүүлэх журмыг 8 удаа ноцтой зөрчсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт болон  түүний зөрчил гаргаснаа хүлээн мэдүүлсэн тайлбар, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.5 дугаар  зүйлийн 3 дахь хэсэг,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.4-т зааснаар ялтан О.Ө-ийн Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4-д зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 9 хоногийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн  5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан О.Ө-д оногдуулсан 1 жил 2 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч  Н.Дэлгэрмаа

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга