ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ХОВОР УРГАМАЛ АРЦЫГ ХАДГАЛСАН, ТЭЭВЭРЛЭСЭН БОЛ ГЭМТ ХЭРЭГ БОЛНО

Шийтгэх тогтоолын огноо дугаар: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/64

Шүүхийн шийдвэрийн төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүгдэгч С ховор ургамал болох 65 шуудай буюу 1330,5 килограмм арцыг 20.. оны … дугаар сарын ….-ны өдөр Завхан аймгийн …..сумын нутаг “Б” гэдэг газрын замын хажуу талд байсан жалганаас  ачиж тээвэрлэн, Завхан аймгийн Улиастай сумын “Б” баг … тоотод байрлах өөрийн гэртээ хонин арцыг хадгалсан үйлдэлд нь прокуророос С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох хуурамч хонин арц тээвэрлэсэн, хадгалсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх шүүгдэгч С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч С-ээс 131,054,250 /нэг зуун гучин нэгэн сая тавин дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, шүүгдэгч С-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ХХХХХ” маркийн …улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хууль бусаар тээвэрлэж, хадгалсан 65 шуудай 1330,5 килограмм хуурамч хонин арцыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Байгалийн ургамлын тухай хуульд “ Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно.” гэж,  “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэн ховор, ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч С-ийн Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг тээвэрлэсэн, хадгалсан шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

Шүүгдэгч С нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр ховор ургамал болох хуурамч хонин арцыг түүж бэлтгэн байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан үйлдэл хийгээгүй бөгөөд хэн нэгний түүж бэлтгэсэн арцыг тээвэрлэж, хадгалсан байх тул хохирлыг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тодорхойлох хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгчээс ургамлын аймагт учирсан бодит хохирол 131,054,250 /нэг зуун гучин нэгэн сая тавин дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж дүгнэсэн.

            Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр үзэх цахим холбоос: https://shuukh.mn/single_case/89502?daterange=2023-01-01%20-%202023-11-20&id=1&court_cat=2&bb=1

 

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн

анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбал

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга