Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 205/МА2023/00004
Шүүхийн шийдвэрийн тойм, 2023.01.24.
Шүүхийн шийдвэрийн төлөв. Хүчин төгөлдөр болсон
Санамж.”Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Т сумын Соёлын төв нь 2021 онд ковид 19 цар тахлын үед манай байгууллагын байрыг сумын иргэдэд ковидын эсрэг дархлаажуулалтын вакцин хийх, тусгаарлах байраар ашиглаж байсан. Энэ үеэр тус сумын иргэн Б нь тусгаарлах байрнаас гарахдаа манай байгууллагын шилэн хаалгыг толгойгоороо мөргөж хагалсан. Б- гээс шилэн хаалганы засварын үнэ 255.000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б нь …Ковид-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдсэн 1-р тунгийн вакцинд хамрагдах үедээ биеийн байдалд өөрчлөлт орж толгой эргэж дотор муухайрч гарах гэж явахдаа Соёлын төвийн хаалгыг мөргөн унаж шилэн хаалгыг хагалж, толгойноос цус гарч эмчид үзүүлсэн. Би хохирлыг төлөх шаардлагагүй гэж… маргажээ.
Маргааныг анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянаад,
Иргэн Б нь Т сумын Соёлын төвд ковидын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамрагдсаны улмаас толгой нь эргэж, дотор нь муухайрч гарч явахдаа тус байгууллагын хаалганы шилийг толгойгоороо мөргөн унаж, хагалсны улмаас Соёлын төвд хохирол учируулсан үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болон бусад эрхийг санаатай болон болгоомжгүйгээр зөрчсөн хууль бус үйлдлээс учирсан гэм хорыг холбогдох этгээд хариуцан арилгах үүрэг хүлээхээр хуульчилсан.
Иргэн Б гийн вакцины нөлөөллийн улмаас толгой нь эргэж дотор нь муухайрч гарч явахдаа шилэн хаалгыг мөргөсөн нь хууль бус үйлдэл биш бөгөөд гэм буруугийн санаатай буюу болгоомжгүй хэлбэрийн аль алийг нь агуулаагүй байна.
Санаатай хэлбэр нь уг этгээд нь үр дагаврыг мэдэж хүсэж байсан, хууль бус гэдгийг ухамсарлаж байсныг хэлдэг. Харин болгоомжгүй хэлбэрийн хувьд тухайн нөхцөл байдалд оюун санаандаа өөрийн хувийн чадвар, мэдлэг, сэрэмжийг ашиглан уг хаалгыг мөргөхгүй байх боломжийн талаарх ойлголтыг хэлдэг бөгөөд хариуцагч Б-гийн үйлдэл нь тухайн нөхцөл байдалд хууль бус, гэм буруутай болох нь тогтоогдоогүй байна гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл, Гэм буруугүйгээр хохирол учируулсан тохиолдолд иргэний хариуцлага хүлээхгүй гэж шүүхээс үзжээ.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр үзэх цахим холбоос:
https://shuukh.mn/single_case/26054?daterange=2023-01-01%20-%202023-03-16&id=2&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр.