ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ТУХАЙН ЖИЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАГДААГҮЙ ГАЗРЫГ БУСДАД ӨМЧЛҮҮЛЭХГҮЙ

Шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 118/ШШ2023/0001

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Тоймын огноо, дугаар: 2023 оны 03 дугаар сарын 14, Дугаар 4

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Аймгийн Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамжаар иргэдийн газар эзэмших, өмчлөх асуудлаар урьд гарсан захирамжуудыг хүчингүй болгох, тэдний газар эзэмших, өмчлөх эрхийг дуусгавар болгох, газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцохоор тус тус шийдвэрлэсэн байх ба уг захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч Б, Д, Б нар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох урьдчилсан нөхцөл нь “хуульд нийцээгүй байх” төдийгүй “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх” явдал юм. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгох боломжтой, харин аль нэг нөхцөл нь хангагдаагүй тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгохгүй.

Нэхэмжлэгч нарт маргаан бүхий газрыг өмчлүүлэх ажиллагаа газрын тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу явагдаагүй тул тэдэнд газар өмчлөх эрх олгосон өмнөх захирамжаа аймгийн Засаг даргаас хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй.

Тодруулбал, “Аймаг болон сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, мөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд иргэн, хуулийн этгээдэд шинээр өмчлүүлэхээр тусгагдаагүй газрыг Б, Д, Б нарт өмчлүүлсэн бөгөөд маргаан бүхий газар нь 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу баригдсан нийтийн эзэмшлийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий газартай давхацсан” байжээ.

Иймээс нэхэмжлэгч нарт газар өмчлөх эрх журмын дагуу үүсээгүй тул хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүхээс үзжээ.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/12416?daterange=2023-01-01%20-%202023-03-15&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга