Шийтгэх тогтоолын огноо дугаар: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23 өдрийн 2023/ШЦТ/103
Шүүхийн шийдвэрийн төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн Г.А нь жирэмсэн эхнэрээ 2023 оны 05 дугаар сард 2 удаа , 2023 оны өвөл , 2023 оны 03 дугаар сард үл ялих зүйлээр шалтаглан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон.
Прокуророос Г.А-г жирэмсэн эмэгтэй эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд буюу эхнэр, нөхөр, үр хүүхэд, хамтран амьдрагчдаа бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргээр зүйлчилж эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан ба байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа хүчирхийлэл үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаарддаггүй.
Жирэмсэн эмэгтэйг байнга буюу 3 ба түүнээс дээш удаа зодсон тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.
Г.А -гийн жирэмсэн эхнэрээ 4 удаа зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжтэй учир түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байна. Зорчих эрхийг хязгаарлах ял нь ялтан шүүхээс тогтоосон чиглэлээс гадагш явахыг хориглодог бөгөөд энэ хориглолтыг зөрчсөн тохиолдолд хорих ялаар сольдог журамтай .
Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг