Шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 118/ШШ2023/0002
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Тоймын дугаар, огноо: №02, 2024 оны 01 дүгээр сарын 23
Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Д аймгийн Х сумын 100 жилийн ойн баяр наадамд нэхэмжлэгчийн нэр дээрээ уралдуулсан хар азарга аман хүзүү буюу 2 дугаар байранд уралдаж орж ирсэн байна. Сумын хурдан морины комисс нэхэмжлэгчийн хар азаргыг сэрвээний өндрөөр тэнцээгүй, 140 см-ээс илүү байсан тул цоллох, бай шагналыг олгох боломжгүй гэж үзжээ.
Шүүхээс аймгийн мал эмнэлэг, үржлийн албаны холбогдох мэргэжилтнүүдийг шинжээчээр томилж, хар азарганы сэрвээний өндрийг зориулалтын багаж төхөөрөмжөөр 2 удаа хэмжүүлэхэд хар азарганы сэрвээний өндөр 140 см хүрэхгүй, 138,9-139,6 см байгаа болох нь тогтоогдсон байна.
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд Азарга, соёолон насны морины сэрвээний өндөр 140 см байхаар, сэрвээний өндрийг автомат төхөөрөмж (лазер хэмжигч)-өөр хэмжих бөгөөд төхөөрөмжийг Стандарт, хэмжил зүйн газраар баталгаажуулсан байхаар тус тус заасан байна.
Гэтэл Х сумын хурдан морины комисс уралдах морьдын сэрвээний өндрийг гар палкметрээр хэмжиж, нэхэмжлэгчийн уралдуулсан азаргыг сэрвээний өндрөөр тэнцээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хар азаргыг аман хүзүүнд орсон шийдвэр гаргаж, бай шагналыг олгохыг сумын баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэх хороонд даалгаж шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/14448?daterange=2023-12-01%20-%202023-12-29&id=1&court_cat=3&bb=1
Тойм бичсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа