ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ХАРИУЦАГЧИЙН ОРШИН СУУГАА ХАЯГ ТОДОРХОЙГҮЙ БОЛ ТҮҮНИЙГ ЭРЭН СУРВАЛЖЛУУЛЖ ХАЯГИЙГ НЬ ОЛЖ БОЛНО

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 140/ШШ2024/00037 дугаартай шийдвэр

            Тоймын төрөл, огноо дугаар: Шийдвэрийн тойм, 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

            Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч С нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “ … би Г-тай 2017 онд танилцсан, бид хоёр 2018 оноос эхлэн үерхэж байгаад 2019 онд охинтой болсон. Охиноо төрснөөс хойш Г нь эцгийн үүргийг ухамсарлахгүй, охин бид хоёр дээр ирэхгүй байсаар өдий хүрлээ. Г бид хоёр тусдаа гарч хамт амьдраагүй, гэрлэлтээ батлуулаагүй. Би охиндоо хүүхдийн тэтгэмж тогтоолгохоор шүүхэд хандсан боловч Г-ийн оршин суугаа хаяг тодорхойгүй байна гэж миний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Би Г-ийн байгаа газрыг олохоор хичээсэн боловч олж чадахгүй, хаана байгааг нь мэдэхгүй байна. Иймээс иргэн Г-г эрэн сурвалжилж өгнө үү …” гэжээ.

            Шүүхээс Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Г-ийн оршин суух хаягийн лавлагааг авахад түүнийг Завхан аймаг Улиастай сум … тоотод оршин суух бүртгэлтэй байна гэсэн лавлагааг ирүүлсэн байна.

            Ингээд Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргаас тодорхойлолт авахад  Г нь Завхан аймгийн Улиастай сумын … тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус хаягтаа оршин суудаггүй гэсэн тодорхойлолтыг ирүүлсэн байна.

            Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь  тодорхойгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасан байна.

            Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Завхан аймаг дахь Алтан гадас одонт Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга