Шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 118/ШШ2025/0001
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Тоймын дугаар, огноо: №02, 2025 оны 03 дугаар сарын 20
Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Х нь А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд давхар нэр дэвшиж, сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон. А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсний дотор нэхэмжлэгч Х хамаарч “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01 дугаартай тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн. Үүний дараа Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан ба Х-г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр давхар ажиллах боломжгүй гэж үзэж, 02 дугаар тогтоолоор түүний төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна. Х нь Б сумын ИТХ-ын 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар Сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болно” гэж зохицуулсан хэдий ч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр давхар ажиллахыг хориглосон байна.
Нэхэмжлэгч Х-н тухайд нэгэнт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөж, аймгийн иргэдийн Хурлын хуралдаанд оролцож, эрх үүргээ хэрэгжүүлсэн тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх нь нэхэмжлэгчид эрх зүйн үр дагаваргүй, бүрэн эрхээ хүлээн зөвшөөрүүлсэн ч сумын Хурлын хуралдаанд оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна гэж үзээд шүүх Х-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/17782?daterange=2025-01-01%20-%202025-03-20&id=1&court_cat=3&bb=1
Тойм бичсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа