АЖИЛТАН АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ САЙН ДУРААРАА ГАРГААГҮЙ БОЛ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 205/МА2025/00005

Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн төлөв.  Хүчин төгөлдөр болоогүй

Санамж. ”Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

”Х.Б” байгууллагын дарга нь ажилтан “Г.А”-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Ажилтан “ Г.А” уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ”ХБ” байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ажилтан “Г.А” нь  хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь хамт олны хурлын тэмдэглэл, бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд ажилтан өөрөө  ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өгсөн учраас “Г.А”-г түүний хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэж маргасан байна.

Анхан шатны шүүх маргааныг хянан хэлэлцээд ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэлээ зөв тодорхойлоогүй,  иргэн “Г.А”-нь өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дураараа хүсэлт өгөөгүй байхад ажлаас чөлөөлсөн гэж үзэж, “Г.А”-г  ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч “ХБ” байгууллага нь “Г.А” нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, мөн ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр өгсөн тул хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах үндэслэл болсон гэж маргаж, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй тул,  шийдвэрийг хүчингүй болгуулахаар, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хянахад

Хэрэгт авагдсан баримтуудаар ажилтан “Г.А” нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогчоос “Г.А”-г хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, түүнийг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өгөхийг шаардсан, ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус, нөлөөлөл байсан гэж үзэхээр байна.

Нөгөө талаар ажил олгогч нь нэхэмжлэгч “Г.А”-ийн ажлаас чөлөөлөгдөх  хүсэлтийг хүлээн авсан бүртгэл, тэмдэглэл хэрэгт байхгүй бөгөөд ажилтан хүсэлтийг өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дураараа бичгээр өгсөн гэдгийг шүүхэд нотолж чадаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль аль нь гаргах эрхтэй ба хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зохицуулсан бөгөөд энэхүү эрхээ эдлэх нь ажилтны өөрийнх нь хүсэл зориг байх бөгөөд ажил олгогчийн нөлөөлөл, хөндлөнгийн оролцоогүй, зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр эдлэх эрх гэж ойлгогдож байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, иргэн “Г.А”-ийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж, хариуцагч “ХБ” байгууллагын гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзжээ.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр үзэх цахим холбоос: https://shuukh.mn/single_case/33153?daterange=2025-01-01%20-%202025-04-23&id=2&court_cat=1&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн: Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн

давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр

 

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn